Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт:  Баян-Өлгий, Дундговь, Өвөрхангай аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс / 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутгаар 13-18 градус Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод:   Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал:   14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 14-нд зарим газраар, 15-нд говь талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 14-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Бусад хугацаанд сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Баянзүрх барилгын материал”-ын дэлгүүрийн хойд талд замын зорчих хэсэгт иргэн М-ийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 16:18 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 16:23 цагт очиж, 00:05 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 11 дүгээр байрны авто зогсоолд Иргэн С-ын эзэмшлийн “Мицибуши Кантер” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 16:34 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 16:39 цагт очиж, 00:10 цаг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн “Сэвх-Үүл” гэдэг газар  /сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км-т/ хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 22:06 цагт очиж, 01:09 цаг ажиллаж унтраасан.   

3. Байгал цаг агаарын аюулт үзэгдэл

Газар хөдлөлт: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Галт хайрхан багийн “Баруун-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 31 км-т, Ө-45072I00II, У-104004I00II/ 06.12-ны өдрийн 23:25 цагт 4.3 магнитудын хүчтэй  газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 06.12-ны өдрийн 23:52 цагт ООГХ-ээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч дарга Т.Гэрэлээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байлаа.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Баянтүнгэ хорооллын 1 дүгээр гудамжинд Иргэн Б /26 настай, эмэгтэй/, Б /4 настай эрэгтэй/, Х /4 настай, эмэгтэй/ нар 06.11-ний өдрийн 16:20 цагийн орчим тус сумын “Хар үзүүрийн гүүр” гэдэг газраас /дэлгүүр явна гэж гэрээсээ явганаар гарсан/ сураггүй болсон тухай дуудлагыг 06.11-ний өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн хэсгийн 5 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 55 иргэн, 22 автомашин, нийт 66 хүн, 25 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.12-ны өдрийн 10:25 цагт Зэрэг сумын төвд, иргэн Д-ийнхээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн 49 дүгээр гудамжинд Иргэн Х /50 настай, эрэгтэй/ 06.11-ний өдрийн 06:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Х-ын өмсөж явсан хувцас Ховд голын эргээс /аймгийн төвөөс зүүн зүгт 3,5 км-т/ олдсон.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашин, 1 завь, аймгийн Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 30 иргэн, нийт 38 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 3 бүлэгт хуваагдан “Найрамдал-Уул”, “Хар-Үзүүр” гэдэг газарт 15 км-т завиар урсаж, “Хасбаатарын хөшөө”, “Бугатын хар үзүүр”, “Найрамдал-Уул”, “Соёмбот-Уул” гэдэг газарт 15 км-ын тойрогт явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:40 цагт зогсоосон. 06.13-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

 Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн “Их-Ам”-ны задгайд 2 иргэн нүхэн жорлонд ухаангүй байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 17:54 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 27 км замыг туулан 18:29 цагт очиж, Баянгол дүүргийн харьяат иргэн Б /43 настай, эрэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Т /20 настай, эрэгтэй/ нар 5 метр гүнтэй нүхэн жорлон ухаж байгаад ухаан алдсан байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top