САЛХИ 18-24 М/С ХҮРЧ ШИРҮҮСНЭ

Аймаг дахь Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн  2021 оны 5 дугаар сарын дундаж үзүүлэлтээр аймгийн нийт нутгаар агаарын температур 4°С хүйтнээс 8°С дулаан буюу олон жилийн дундаж орчим, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр өмнөх үеэс 2-4°С-аар хүйтэрч нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орж салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14 м/с, зарим үед 18-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөв ажиглагджээ. Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

-Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангах;           

-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үйлдэх;

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэж ажиллахыг үүрэг болгож байна.

scroll to top