ХОВД ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

3.jpeg

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас үер, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд гол дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна.

Амралт, аялал зугаалганы улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэн Та бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж дараах зөвлөмжийг танд хүргэе.

ҮЕР УСНЫ АЮУЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ? 

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
  • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
  • Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
  • Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх

Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ

  • Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, тогоо хөмрөх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах/
  • Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах
  • Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээх
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
  • Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах
  • Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх
  • Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх

 

scroll to top