Б.Жамба: Гэртээ цоожлуулсан хоёр хүүхэд шатаж, амиа алдсан дуудлага санаанаас гардаггүй

IMG_0700.jpg

Б.Бурмаа

Хэлж ирдэггүй хийсч ирдэг гамшгийн аюулаас хүн ам, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг хамгаалах нэр хүндтэй үүргийг нэр төртэйгээр биелүүлж яваа Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой өчигдөр тохиолоо. Ард иргэдийнхээ энх амгалан амьдралын манаанд нүд цавчилгүй зогсож, халуун хүйтнээс халшралгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж, авран хамгаалах ариун үйлст өөрийн амьдралыг зориулахаар зүтгэж яваа цэл залуухан аврагч, гал сөнөөгч залуу Б.Жамбатай ярилцлаа.

-ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ЗАЛУУ ХҮНИЙ, ЭР ХҮНИЙ ХИЙХ АЖИЛ-

-Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэнд хүргэе. Онцгой байдлын албанд ажиллаад хэр удаж байна вэ?

-Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан нэн хариуцлагатай бахархалт энэ албанд оюун ухаан, хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж ирсэн үе, үеийн удирдлага, алба хаагчиддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Намайг Батсайханы Жамба гэдэг. Төв аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 24-р ангид аврагч, гал сөнөөгчөөр ажилладаг. 2017 оны долдугаар сарын 21-нд ОБЕГ-ын даргын тушаалаар аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч цол авсан. Энэ албанд ороод хоёр дахь жилдээ ажиллаж байна.

-Онцгой байдлын албанд яагаад орохоор шийдэв?

-Онцгой байдлын алба бол залуу хүний, эр хүний хийх ажил. Хамгийн чухал нь аврал хүсч байгаа хүмүүст тусалдагаараа намайг татаж чадсан. Бага байхдаа л энэ албанд орж ажиллая гэж боддог байлаа. Энэ албанд орохоос өмнө Онцгой байдын алба хаагчдын хувцас нь үнэхээр гоё харагддаг байлаа. Энэ хувцсыг өмсөж үзэх юмсан гэж их боддог, хүсдэг байсан маань биелэлээ олсон. Хүн аав, ээжийн хүссэнээр биш өөрийнхөө хүссэнээр дуртай зүйлээ хийж амьдрах нь дээр гэж би боддог. Харин яг албанд нь ороод ажиллаад ирэхэд хувцасны сайхнаас илүү ард нь амьдрал, сайн муу бүхэн ээлжилж байдгийг олж мэдэрсэн. Бусдыг аварч, сайн сайхан буян хийх үе ч олон. Харамсалтайгаар хэн нэгний амь насыг аварч хамгаалж чадахгүй алдаж гашуудах ч үе олон тохионо.

-Хамгийн анхны үүрэг гүйцэтгэсэн аврах ажиллагаагаа дурсан яриач?

-Ой хээрийн түймрийн дуудлагад хамгийн анх явж байлаа. Зүгээр төсөөлөөд бодоход л хэцүү шүү дээ. Гэтэл түймэр гарсан газарт яг өөрөө очоод унтраах үүрэг хариуцлага хүлээнэ гэдэг маш хэцүү юм билээ. Гэхдээ галаа унтраачихаад цурманд оруулчихаад бүгдээрээ тойрч суугаад цай хоолоо идэж, уугаад ажлаа дүгнэж яриад суух сайхан даа.

-Ой хээрийн түймэр унтраадаг аврагчдыг би жинхэнэ эх оронч сэтгэлтэй байдаг болов уу гэж боддог юм?

-Ой хээрийн түймэрт ажиллаж байхад хэцүү үе байдаг ч гэсэн эргээд бодоход эх орноо аварч хамгаалсан юм шиг баатарлаг мэдрэмж төрдөг шүү. Ой, хээрийн түймэр унтрааж явах үед зулзаган модод юу ч үгүй шатаж, ой нүцгэрч байхыг хараад үнэхээр эмгэнэлтэй. Энэ албанд орохоос өмнө эх орноо, ой модоо тэгж их хайрлаж чаддаггүй байж. Хүн биеэр туулж байж жаргал зовлонг нь мэдэрч, чин сэтгэлээсээ ханддаг гэж яг үнэн.

-Ямар ямар аврах ажиллагаанд явж байсан бэ?

-Ер нь ихэвчлэн ой, хээрийн түймэрт явдаг байсан. Бас ахуйн түймэр, өвөлд цасан шуурганд төөрсөн, цасанд суусан машин тэрэг очиж гаргах гээд янз бүрийн дуудлагад явдаг даа. Санаанаас гардаггүй нэг дуудлага байдаг юм. Айлын гэр шатаж байгаа дуудлагаар бид очиход үнэхээр нүд халтирам, эмгэнэлтэй зүйл болсон байсан. Гурав, дөрвөн настай хоёр хүүхэд гэртэйгээ шатаад амиа алдсан байсан. Аав ээж нь ажилдаа явахдаа хоёр хүүхдээ гэртээ цоожлоод үлдээсэн байсан. Үнэхээр харамсалтай. Тиймэрхүү харамсалтай дуудлага дээр очиход хэцүү санагддаг шүү. Мэдээж бидний ажил амаргүй нүд халтирам зүйл зөндөө бий. Гэхдээ тиймэрхүү зүйлийг харж цочирдоод, сэтгэлээр унаад байвал ажилдаа төвлөрч, аврах ажиллагаагаа үр дүнтэй явуулахад хүндрэлтэй байдаг. Эцэг эхчүүддээ захиж хэлэхэд үр хүүхдүүдээ байнга хараа хяналттай байлгаж байгаарай. Та бидний эрхэмлэж явах ёстой үр хүүхдүүд минь хамгаас чухал гэдгийг хэлэх гэсэн юм.

-Онцгой байдлын алба хэзээ ч дуудагдаж мэдэх цаг наргүй алба байдаг. Үүнд шантарч байв уу?

-Бид байнгын бэлтгэлтэй байх ёстой улс. Шөнө орой хэдэн цагт ч хамаагүй ажлаас залгасан бол годос хийж босоод л явах ёстой. Бидний сонгосон ажлын онцлог юм даа. Хааяа ч шантрах үе гардаг байсан. Гэхдээ сүүлдээ дасаад, ажилдаа улам дурлах тусам шантрахаа больдог юм билээ. Би одоогоор ганц бие байгаа учраас цаг наргүй ажлын зовлонг нь сайн мэдрээгүй л явна.

-Аврагчид та нар аварсан хүмүүсийнхээ урмын үгээр л цэнэглэгдэж явдаг байх тийм үү?

-Энд тэнд дуудлаганд очиход аварсан хүмүүс маань бүгд л баярлалаа гэж хэлдэг. Манай иргэд сүүлийн үед манай албаны хүнд хэцүүг их ойлгодог болчихсон юм билээ.

-Онцгой байдлын алба бас эрсдэлтэй юм шиг санагддаг?

-Бид өөрсдөө байнгын бэлтгэлтэй, бэлэн байдалтай байдаг болохоор ер нь гайгүй байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: medee.mn

scroll to top