АВРАГЧДЫН АВАРСАН ЖИРЭМСЭН ЭХ АМАРЖЖЭЭ

408693c19bd2ca2634fb08c0c7402627c6d6cb1e8d13a6bd4dd1563052a651bd.jpeg

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Баянзүрх” 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 95 км, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ “Мухарын ам’’ гэдэг газраас Цэнгэл сумын төв рүү зорчиж явсан 5 зорчигтой “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгсэл “Ховд голын усанд осолдсон байна” гэх дуудлагыг Онцгой байдлын газарт 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлжээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангиас 6 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай аврах бүлгийн бүрэлдэхүүн осол болсон газарт хүрэлцэн очиход “УАЗ-469” маркийн суудлын автомашин хавцлын зассан замаар уруудаж явж байхад нь жолооны механизм гацаж, 15 метрийн өндөр далангаас унаж, Ховд голд 10 метр урсаж, хажуугаараа тээглэн зогссон байсан.

Уг тээврийн хэрэгслийн дотор 3 том хүн,  2 хүүхэд /9 сартай жирэмсэн эх,  3-7 насны хүүхдүүд / байсныг Онцгой байдлын газрын аврагчид уснаас аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж  иргэдийг аюулгүй газарт эсэн мэнд татан гаргаж сумын эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл аврагчдын аварсан жирэмсэн эх 2021.09.09-ний өдөр амаржсан байна. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа талаар эрүүл мэндийг байгууллагаас мэдээллээ.

scroll to top