ХУУЛЬ БУСААР ТАРВАГА ТЭЭВЭРЛЭСНИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

original-bbe22704-d143-4c2c-94e7-cac267772de8.jpeg

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх аяны хүрээнд Онцгой байдлын газрын алба хаагчид хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж, ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ, мэдээлэл хүргэж ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцад Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс иргэн А мотоциклтэй хууль бусаар 4 ширхэг тарвага тээвэрлэж явсныг илрүүлж, Зоонозын Өвчин Судлалын төв болон хууль хяналтын байгууллагад хүлээлгэж өгсөн.

Тарваган тахал нь байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Өвчилсөн амьтан агнах, өвчих, арьс маханд хүрэх үед болон өвчилсөн хүнийг асрах, сувилах, мах, цөс, арьс гэх мэт дутуу боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэх, бөөс бүүрэгт хазуулах зэрэг тохиолдолд халдвар авдаг.

Халдвар авснаас хойш дунджаар 2-3 хоногт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх зэрэг ерөнхий хордлогын шинж илрэхээс гадна нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү гарч, цусархаг шүүдэс бүхий цэврүү үүсэн, булчирхай томорч хүчтэй өвддөг.

Иймээс үхсэн мэрэгч амьтдын сэг зэм байвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, халдвар авсан байж болзошгүй хүнийг тусгаарлах, хэрэглэж байсан зүйлийг онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарваган тахлын эсрэг вакцинд хамрагдах зэргээр өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Онцгой байдлын газраас зөвлөж байна.    

scroll to top