Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

 Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. 

 Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим  газраар дуу  цахилгаантай  аадар  бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи  нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 25-30 градус, Алтайн өвөр говь, говийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар 32-37 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, өчигдрөөс сэрүүсч 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 7, 8-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-наас ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Төмөртэйн-Ам” гэдэг газар /Мөрөн сумын төвөөс баруун хойд зүгт 23 кмт/ “Хөвсгөл хангай” ХХК-ийн эзэмшлийн “Стана” загварын бага оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 21:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай 23 км зам туулан 22:02 цагт очиж 18 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 17:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 17:19 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт 5 ханатай гэр, шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 17:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1км замыг туулан 17:07 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Монстой багийн “Нарстайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 17 км-т/ Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Улаанбаатар хотын чиглэлд мод ачин 1 зорчигчтой зорчиж явсан “Дэлгэрэх” ХХК-ийн эзэмшлийн “Маяти-2” загварын автомашин онхолдож жолооч нь автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 07:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 55 км зам туулан 09:30 цагт очиж иргэн Л /49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Аянга: Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурванжигүүр багийн “Урт булаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ 08.03-ны өдрийн 17:00 цагт аянга бууж малчин Д-гийн 30 бог мал ниргүүлж хорогдсон тухай мэдээллийг тус сумын харьяат иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Газар хөдлөлт: Баян-Өлгий аймгийн Булган сумын Хужирт багийн “Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т, Ө-46094/00//, У-91014/00/// 08.03-ны өдрийн 21:51 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтанбаганаас тодруулахад тухайн газар нь айл нутагладаггүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн Б /44 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, 1 завь, 2 автомашинтай 08.03-ны өдрийн 15:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж осолдсон газраас зүүн тийш 15 км-т завиар 3 удаа самналт хийж 2 метрийн гүнд 10 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 08.04-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top