Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн зарим нутгаар  бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр бага зэргийн дуу цахилгаантай бороо орно.  Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 25-30 градус, говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-13-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 10,11-нд дулаахан байх боловч 12,13-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Торгоны зам” дэлгүүрийн зогсоолд иргэн Н-ийн эзэмшлийн “Хонда Сивик” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 10:43 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 10:47 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багт хашаа, түлээний саравч, гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай  3 км замыг туулан 11:52 цагт очиж, 28 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 09.08-ны өдрийн 22:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 22:45 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Ховд” голын усанд /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км-т, сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ 09.08-ны өдрийн 16:30 цагийн үед тус сумын харьяат иргэн Д-гийн хүү Д /1 нас 6 сартай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 09.08-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай 180 км замыг туулан 09.09-ны өдрийн 00:02 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг тус өдрийн 06:30 цагт эхлүүлсэн.

Цогцос гаргах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд дахин төлөвлөлтийн орон сууцны дулаан дамжуулах шугамын ухсан /өндөр нь 3 метр, өргөн нь 4 метр/ сувагт хүний цогцос байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 13:25 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12 км замыг туулан 13:35 цагт очиж, нэр, хаяг тодорхойгүй 30-35 орчим настай, эрэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

4.Мэдээлэл:

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Толь багийн “Бор тайга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 160 км-т, сумын төвөөс урд зүгт 25 км-т/ 09.08-ны өдрийн 14:00 цагийн орчим малчин Б-гийн 4 ханатай гэр, 1 мотоцикль шатсан тухай мэдээллийг 09.08-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, Шүүх шинжилгээний газрын 3 алба хаагч, нийт 7 алба хаагч, 1 автомашинтай 160 км замыг туулан 20:20 цагт очиж, гал түймрийн шалтгаан, нөхцлийг тогтоохоор ажиллаж байна. Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/ нас барсан тухай мэдээллийг тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүр, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цогт-Очир аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top